Ангилал:

Алдартан, Спорт

Баатар

2015-01-26 10:07 3452 2
Мэргэжлийн сүмогийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал 33 дахь түрүүгээ итгэл төгс хүртэж, сүмо бөхийн түүхэн дэх бүх цаг үеийн хамгийн олон түрүү хүртсэн бөх боллоо. Их аварга Хакүхо ялагдашгүй, дийлдэшгүй болж дархлагдав. Сүмо бөх монгол хүний амжилтаар түүхийн уртад, зууны туршид бахархаж явах учир бүрдэв

Гологдсон хүү амжилтын оргилд гарав

Арав гаруй жилийн өмнө Жигжидийн Мөнхбат аварга МҮБХ-ны хурлын индэр дээрээс ингэж хэлсэн юм. “Намайг зарим хүмүүс бөх хүүгүй гэж ярьсан, бичсэн байна лээ. Тэгвэл миний хүү одоо Японы сумогоор барилдаад, шаггүй амжилт гаргаж эхэлсэн гэдгийг хэлчихье. Миний хүүгийн өндөр 190 см, харин жин нь 130 гаруй кг юмуу даа...” гэж аварга их бахархангуй өгүүлээд суудалдаа эргэж сууж билээ. Тэгэхэд аваргыг МҮБХ-ны тэргүүнд нэр дэвшүүлсэн юм л даа, тиймээс хуралд оролцогчид аваргыг тэргүүнд өрсөлдөх гээд байна уу, эсвэл нэрээ татах гээд байна уу гэдгийг хэлсэн үгнээс нь огт ойлгоогүй тул дахин лавлаж “Та тэгээд тэргүүнд өрсөлдөх үү?” гэхэд “Би хүүгээ л хараад сууя гэж байна. Ингэхээр ойлгомжтой биз дээ” гэчихээд өөр үг нэмээгүй юм.

Аваргын индэр дээрээс тэгж хэлсэн тэр жил бол 2002 он. Хакухо тэгэхэд сумогийн дэвжээнээ гараад хоёр жил болчихсон, санданмэ зиндаанд дэвшин барилдаж байсан үе юмсанж.

Хакухо Монголоосоо 15 настайдаа явахдаа биеийн өндөр нь 170 см дөнгөж гарч, жин нь бүр “сураггүй” 60 кг байсан гэдэг. Кёкүшюүзан Д.Батбаяр Монголдоо ирээд буцахдаа зургаан хөвгүүнийг Арлын орон руу авч одсон юм. Очоод нөгөө зургаагаасаа тавыг нь сумогийн дэвжээнүүдэд өгчихөж чаджээ. Харин ганцхан М.Даваажаргалыг л аль ч дэвжээ тоосонгүй гэнэ. Ингээд аргаа барж, Даваажаргалыг буцаах онгоцны тийзийг захиалж, Мөнхбат аваргын хүү ч чемодантай хувцсаа бэлдээд сууж байж.

Энэ орой Кёкүшюүзан дэвжээний багш Ошима оякататай жаахан шимийн юм балгаж, багшийнхаа сайхан ааштай байгааг ашиглан Монголын алдартай аваргын хүүг оруулчихаар дэвжээ олоогүй байгаа талаараа их л уран сайхнаар ярьж өгчээ. Халамцсан багш нь Миягино дэвжээний багш руу утас цохьж, Монголд хүн бүр таньдаг, алдарт аваргын ирээдүйтэй хүү ирчихээд байгааг дуулгаж, улмаар дэвжээндээ авахыг санал болгожээ. Монголчуудын бяр хүчийг нүдээрээ үзээд таньчихсан Миягино ояката алдарт аваргынх нь удам ирсэн гэхээр айхавтар залуу биз гэж тооцсон уу, ямартай ч өөрөө огт хараагүй хэрнээ “Дэвжээндээ авья” гээд ам алдчихаж. Ингээд маргааш нь Даваажаргалыг дагуулаад очтол Миягино ояката нүдээрээ илт голсон ч авна гээд нэгэнт ам алдчихсан тул дэвжээндээ бэлтгэл хийлгэхээр болсон гэдэг. Ингэж л сумогийн түүхэн дэх хамгийн агуу ёкозүнагийн зам нээгдсэн юм.

Хакухо хэдийгээр жин багатай, нуруу туруу дунд зэрэг ч гэсэн нэг авууштай маш сайн тал нь хурд байв. 15 насандаа тэрбээр 100 метрт 11.3 секунд хурдалдаг байжээ. Сумогийн бэлтгэл хийсээр жин нь богино хугацаанд илт нэмэгдэхийн зэрэгцээ гурван жилийн дотор өндөр нь 20 см-ээр, жин нь 70 кг-аар нэмэгдэж, үнэхээр жилээр биш цагаар өсдөг үлгэрийн баатрыг санагдуулсан байна.

Сумод ормогцоо л Хакухо цойлоод эхэлсэн гэвэл худлаа. Тэрбээр эхний башёдоо 3 давж, 4 унасан байдаг. Ер нь жин багатай байсан болохоор 3-4, 4-3, 5-2 гэсэн дүнгээр доогуур зиндаануудад барилдсан нь харагддаг. Харин макүшитад орсоноосоо хойш л цойлж 6-1, жюүрёод бүр 12-3-аар түрүүлж, макүүчид дэвшсэн юм. Харин Макүүчид дэвшсэн эхний барилдаандаа 12-3-оор дуусгаж, ирээдүйд их юм дуулгахаар бөх гарч ирснийг шууд харуулж чадсан.

Монгол Улсын Гавьяат тамирчин Ш.Чанрав гуайтай нэг удаа хөөрөлдөж суухад “Асашёорюүгийн аа гаднаа юм, харин Хакухогийнх бол дотроо. Би багын ямар хүүхэд байсныг нь мэднэ. Аавыгаа дагасан жижигхэн шар хүү Спортын төв ордонд барилдаан дээр ирдэг байсан. Гаднаа л их биеэ барьдаг болохоос дотроо ч их аатай байхаар хүү дээ. Одоо тэр барилдааны өмнө хойно амаараа үлээгээд байгааг нь анзаарч байгаа биз дээ. Аа бяр нь амтагдаад тэсч ядаж байгаа нь тэр” гэж хэлж байж билээ.

Хакухогийн мэргэжлийн сумод тогтоосон дээд амжилтын оргил нь хэдхэн хоногийн өмнө хүртсэн 33 дахь түрүү. Тайхогийн 40 жилийн турш оршин тогтносон 32 түрүүлсэн дээд амжилтыг монгол хөвгүүн 33 болгож ахиулж, эвдэх ёстой байжээ. Түүний түрүү үүгээр тогтохгүй бүр 40-д ч хүрч болох талаар сумогийн мэргэжилтнүүд анхааруулсаар байгаа. Учир нь Хакухо өнөө цагийн бөхчүүдээсээ үнэхээр илт илүү байгаа билээ. Хакухо 33 түрүүгээс гадна жилийн 90 барилдаанд 86 давж, түүхэн дээд амжилт 2009 онд тогтоосон бол хойтон жил нь тэрхүү амжилтаа мөн давтаж байлаа.

Хакухо баатар шиг ялж, баатар шиг амжилтын эзэн боллоо. 1700 гаруй жилийн түүхтэй сумогийн ертөнцийн хаан оргилд нь тэр өөрийн чадлаар хүрлээ. Энэ бол хөдөлмөр юм. Энэ бол хөдөлмөрч, баатар хүний энх цагт байгуулж буй эрэлхэг гавьяа юм.

М.Даваажаргалд олон мөрөөдөл, зорилго бий. Тэдгээрийн нэг нь 2020 оны Токиогийн олимп хүртэл мэргэжлийн сумодоо барилдсаар байх. Тэгээд олимпийн наадмаар нээлт дээр ёкозүнагийн ёслолоо үйлдэх. Энэ хүсэл нь зөвхөн удаан хугацааны турш амжилттай барилдах хүслээс нь үүдээд зогсохгүй 1968 оны Токиогийн олимпод аав Ж.Мөнхбат нь мөнгөн медаль хүртэж, монголчуудын олимпийн медалийн амжилтын салхийг хагалж байсантай давхар холбоотой юм. Токиогийн дараагийн олимп дээр эцгийнхээ адил зогсож, шийрийг хатаах гэсэн хүсэл нь тэр биз ээ.

Бас нэгэн мөрөөдөл нь сумогийн шилэн сургууль байгуулах. Шилэн сургууль гэдэг нь сумочдын бэлтгэл хийж буй нь гаднаас шууд харагддаг сумогийн дэвжээ байгуулж, түүгээрээ дамжуулж хүүхэд, залуусыг сумод дур сонирхолтой болгох гэсэн тэмүүлэл юм. Дэлхийд дуурсах алдар нэрийг хайрласан сумод тэрбээр ийн хариу барьж, ачийг нь хариулахсан гэж бодож явдаг.

Хакухо эхнэр, хоёр охин, хүүгийнхээ хамт амьдардаг. Түүнийг 32 дахиа түрүүлсний дараагаар Сумогийн холбооны ерөнхийлөгч “Маш хэцүү шийдвэр гаргах цаг ирнэ шүү” гэж маргааш нь анхааруулсан удаатай. Энэ нь “Хэрвээ сумод оякатагаар үлдмээр байвал Монголынхоо иргэншлээс татгалзана шүү” гэсэн хатуу сануулга, анхааруулга юм.

Харин Хакухо үүнийг арай өөрөөр, илүү далайцтай гэмээр харж байгаа юм билээ. Тэрбээр Монголынхоо иргэншлээс ч татгалзахгүй, сумогийн шилэн сургууль байгуулах тэмүүллээсээ ч буцахгүйн тулд алтан дундажийг олохыг хичээж байгаа. Магадгүй сумогийн түүхэнд хамгийн олон түрүүлсэн агуу аваргад үүний ая тунг тааруулчих боломж гарч ирж болох юм.

Харин одоо бол аатай аваргын хүү агуу ёкозүна Хакухо М.Даваажаргалдаа амжилтаа улам ахиулж, хэний ч хүрч чадахааргүй тийм гайхамшигтай оргилыг бүтээгээрэй гэж ерөөе.

Эх сурвалж: "NEWS WEEK" сонин

« Өмнөх сэдэв

Дэгжин мөөм марзан юм

Дараагийн сэдэв »

Пролетариссимус эротикус 39




Холбоотой сэдвүүд


Санал болгох сэдвүүд


Сэтгэгдэл

Зочин [202.131.226.86]: 2016-01-20 15:56
Үнэхээр сайн бөх шүү. Яах аргагүй Монголын нэрийг дэлхий дахинд таниулж буй өнөө цагийн эгэл баатар. Илүү олон амжилтын эзэн болноо.
1    0
Зочин [122.201.24.107]: 2017-08-10 09:45
UUUUUUUUUUUUUURRRRRRRRRRRRRRAAAAAAAAAAAAAAAAAA
0    0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд baavar.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.



Гадна тохижилт буюу Ландшафт дизайныг Монголд хэрхэн хийж байна

Гадна тохижолт буюу ландшафт дизайны IMAX ХХК-н Монголд хийж гүйцэтгэсэн ажлуудыг та бүхэнд сон ..

Балын харандаагаар фото зураг шиг

Ралли Замын Үүд-Эрээн 1990-2015

Югославийн байлдааны онгоцны бункер

хэрэггүй мөртлөө үнэтэй эд хогшилоос

Шалдар булдар 55



Та сайтад тавигдсан мэдээллийг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурдана уу. www.baavar.mn

Харилцагч байгууллагууд